Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ” АЯНЫ ДҮН

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргын “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 2012 оны 54 дүгээр тушаалын дагуу Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль тогтоомжийг сурталчилах аянг 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 21 хоног  зохион байгууллаа.

Аянд тус газрын хэлтэс төвүүд, Эм зүйн салбарын төрийн бус байгууллага, Эм хангамжийн байгууллага /Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сан/, Эрүүл мэндийн байгууллага, Нарантуул олон улсын худалдааны төв, иргэд хамрагдлаа.

Эмийн зохицуулалтын хэлтсийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийн 2-самбарыг шинээр  хийж, эмийн зохицуулалтын чиглэлээр 12 төрлийн 1200 ш гарын авлага /брошур/ боловсруулан үзүүлэнгийн 2 тавиурт  байрлуулан,  “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” зурагт хуудас 3000 ширхэгийг хэвлэн түгээж, www.doh.gov.mn, www.webdoctor.mn,  eruulmendinfo.mn  цахим хуудсаар  эм зүйн салбарын хууль тогтоомжийг сурталчлах” аяны талаарх мэдээллийг байгууллага, иргэдэд шуурхай хүргэсэн.

Мөн “Үндэсний шуудан сонин”, “Зууны мэдээ сонин”, “Монголын мэдээ сонин” “Монголын үндэсний олон нийтийн радио”, “TV8 телевиз”-ийн 40 хором, 4 сэтгүүлч” нэвтрүүлэг, “Эх орон телевиз”, “Монголын  үндэсний олон нийтийн телевиз”,  ETV, NTV телевизийн шууд ярилцлагаар эм зүйн салбарын хууль эрх зүй, эмийн зохистой хэрэглээний  талаарх мэдээллийг ард иргэдэд сурталчлан ажиллалаа.

2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  байгууллагын мэдээллийн цагаар нийт ажиллагсдад “Эм зүйн салбарын хууль тогтоомжийг сурталчлах” аяны  талаар мэдээлэл хийв.

Эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл, мэргэжлийн хяналтын байгууллагатай 2 удаа уулзалт зохион байгуулж эмийн зохицуулалтын чиглэлээр эмийн бүртгэл, баталгаажуулалт, зохистой хэрэглээ, гаж нөлөө, тандалт судалгаа гэх мэт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлага зохион байгуулан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаа.  

Нарантуул олон улсын худалдааны төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн зарж буй байдалд тандалт судалгаа хийхэд  нууцаар худалдаалах хэлбэрт шилжсэн байна. Цаашид зах зээлийн тандалт судалгааг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Гаалийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭМХХ-4 төслийн баг, гадаадын эмийн үйлдвэрүүдийн төлөөлөгчийн газар, Эм ханган нийлүүлэх байгууллагын чанарын менежерүүдтэй уулзалт зохион байгуулан тэдний санал хүсэлтийг хүлээн авч  цаашид  эмийн чанар аюулгүй байдалд хамтарч ажиллах талаар саналаа солилцсон нь чухал ач холбогдолтой болсон.

2012 оны 1 дүгээр улиралд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар ХЭЗ-ийн Эм судлалын салбар комиссын хурлаар хянаж, баталгаажуулсан эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний  мэдээллийг  ШӨХТГ, МХЕГ, НМХГ-т  хүргүүлсэн.

Эм судлалын багш, эмнэлгийн эмэн эмчилгээг зохицуулах хорооны эм зүйч нартай уулзалт  зохион байгуулан санал солилцон, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд эмийн жор бичилтийг сайжруулах, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх  талаар зөвлөмж өглөө.

2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр  Эмийн зохицуулалтын хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан  МУ-ын Гаалийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлагч байцаагч нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ болон Эмийн үйлдвэр, Эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл, улсын клиникийн, нэгдсэн эмнэлгийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны нийт 40 гаруй эм зүйч, эмч төлөөлөгчид оролцов.

Өдөрлөгт оролцогчид  эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгийг сурталчилах “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг тус газарт анх удаа зохиогдож байгааг онцлон тэмдэглэж  дараах саналуудыг хэлэлцэв.

-        ЗШЭ-ийн жагсаалтад орсон эмийг нийгмийн даатгалаар олгодог тогтолцоонд шилжих

-        Эмнэлгүүдийг жорын маягтаар хангах, эмч нарыг жор бичиж хэвшүүлэхэд хариуцлагын механизмыг  бий болгох

-        Эмийн сангууд жороор эм олгох, иргэдээс гаж нөлөөний талаар мэдээлэл авч бүртгэх, холбогдох байгууллагад мэдээлэх, иргэдэд зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар мэргэжил арга зүйгээр хангах

-        ГЕГ, МХЕГ, ЗГХА-ЭМГ, Хувийн хэвшлийн байгууллагууд  хуурамч эмийн талаар мэдээлэл солилцож  байх

-        Импортын эмэнд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай болгох

-        Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний мэдээлэл зар сурталчилгаанд хяналт тавих

-        Эм зүйн нарийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах

-        Эмийн эмчилгээнд зайлшгүй шаардлагатай байгаа шинэ эмийг болон үндэсний эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийг хурдавчилсан байдлаар бүртгэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх

-        Эмнэлгийн эмийн сан, “Эм зүйн алба”-ны үйл ажиллагааны стандарттай болох,

-        Илэрсэн эмийн гаж нөлөөг бүртгэн холбогдох байгууллагад мэдээлэх

-        Эмнэлэгт тендерээр авч буй эм, эмнэлгийн чанарт хяналт шалгалт хийх,

-        Эмнэлгийн эмэн эмчилгээг зохицуулах хорооны ажлыг эрчимжүүлэх гэх мэт.

МХЕГ-тай 2012 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Эмийн асуудал эрхэлсэн дэд даргын баталсан удирдамжын дагуу  “Моносфарм”, “Эмийн үйлдвэр”, “Мон-Энзим” ХХК-ийн эмийн үйлдвэрүүдэд “Эмийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2011, Эмнэлгийн дэргэдэх болон нийтийн үйлчилгээтэй 7 эмийн санд “Эмийн жорын маягт, жор бичилт  ”MNS 5524:2011 стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ үнэлгээг хийсэн.

Эмийн жор бичилтийн байдал өрхийн эмнэлгийн эмч нараас бусад эмнэлгүүдийн эмч нарын хувьд хангалтгүй байна. Зарим эмнэлгийн эмч нар өвчтөний түүх дээр эмийн эмчилгээг зааж, эмийн жор бичдэггүй, хувийн эмнэлгийн эмч нар цаасан дээр эм бичдэг, бичсэн жор нь алдаатай зөрчлүүд нэлээд түгээмэл байна.

Цаашид эмийн жорыг цахим хэлбэрт оруулан эмч нарын жор бичилтийг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй,  механизмыг дэмжих, эмийн санчдыг жороор эм олгох ажлыг хэвшүүлэхэд холбогдох байгууллагууд  хамтран ажиллах шаардлага тавигдаж байна.