Эмийн эмчилгээг зохицуулах хорооны эм зүйч, Эм судлалын багш нар уулзлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтсээс 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын клиникийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны дарга, эм зүйч болон эм судлалын багш нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг ЗГХА-ЭМГ-ын Эмийн асуудал эрхэлсэн Дэд дарга М.Уранчимэг нээж, 2012 онд ЗГХА-ЭМГ-аас Эмийн зохицуулалтын асуудлаар хийхээр төлөвлөсөн ажлуудаас дурьдсан ба 5 сард болох “Эмийн чанар-аюулгүй байдал” сэдэвт форумд хамтран ажиллахыг уриаллаа.
Уулзалтанд УКТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ШНТЭ, ТЗНЭ, ГССҮТ, АӨСҮТ, Геронтологийн төв, СХДЭМН-ийн төлөөлөл хүрэлцэн ирж Эрүүл мэндийн сайдын 2005 оны 71 дүгээр тушаал: “Эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай”, Эрүүл мэндийн сайдын 378 дугаар тушаал: “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.
Уулзалтаар дараах санал, хүсэлт гарлаа. Үүнд:
- “Эмийн эмчилгээний хороо”-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, журмыг шинэчлэх
- “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх хуудас” дээр зөвхөн эмч бичнэ гэсэнд өөрчлөлт оруулж өгөх
- Тендерийн эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт анхаарал хандуулах
- Тендерээр техникийн үзүүлэлтээ сайн тусгаад чанартай эм, эмнэлгийн нийлүүдэг болох
- Эмнэлгүүдээс тендерээр нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэлд өгсөн үнэлгээний тайланг ЗГХА-ЭМГ авдаг болох
- Цусан дах эмийн тунг үздэг аппараттай болох
- Клиник эм зүйчийн үйл ажиллагааны журамтай болох
- Эмнэлгийн дэргэдэх эмийн санг эмнэлгийн харъяа болгоод E-hospital системд оруулах
- Эмнэлгүүдэд “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх тогтолцоо”-г сайжруулахын тулд гаж нөлөөний шах хуудсыг бөглөж байгаа эмч нарт сургалт зохион байгуулах
- Эмнэлэгт зориулсан “Эмийн тандалтын хуудас” боловсруулах
- Клиникийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд клиник эм зүйчийн орон тоог батлан өгөх
Мөн дээрх санал хүсэлтийн дагуу холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд арга зүйн удирдлагаар ханган ажиллав.
ЗГХА-ЭМГ