Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч нар сургалтанд хамрагдлаа.

“ Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах газартай хамтран 2012 оны 4 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч нарт зориулсан эмнэлгийн анхны тусламжийн талаархи мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх   сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд 21 аймгийн болон нийслэлийн эрүүлжүүлэх, баривчлах байрны нийт 25 эмч хамрагдсан.  

Сургалтын нээлтийн ажиллагаанд ЗГХА-ЭМГ-ын Түргэн тусламжийн үндэсний сүлжээний төвийн дарга Ө.Баяр, Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Д.Жаргалмөнх, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтсийн дарга С.Өлзийсайхан , Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын дэд бөгөөд Бодлого зохицуулах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Отгонбаатар  нар оролцсон.

Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын дэд бөгөөд Бодлого зохицуулах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Отгонбаатар , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтсийн дарга С.Өлзийсайхан нар үг хэллээ.

Сургалтанд  оролцогсдоос эмнэлгийн анхны тусламжийн талаархи мэдлэгийн түвшинг шалгах зорилгоор сургалтын өмнөх мэдлэг шалгах сорил   авсан ба мэдлэгийн  дундаж түвшин 37 хувьтай байсан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газрын Дэд даргаар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу “ Цочмог хордлогын үеийн яаралтай тусламж” сэдвээр ЗГХА-ЭМГ-ын ТТҮСТ-ийн дарга Ө.Баяр,  “ Аминд осолтой эмгэг байдлын үеийн анхны тусламж” сэдвээр  Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд, “Амилуулах суурь тусламж”, “ Цус алдалтын  үеийн анхны тусламж”, “Осголт, хөлдөлт, түлэгдэлтийн анхны тусламж ”,” Эмнэлгийн анхны тусламжийн цүнх, багаж хэрэгслийн багц, хэрэглэх аргачлал”   сэдвээр Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн их эмч, амилуулах суурь тусламжийн үндэсний сургагч багш Ж.Уламсайхан, “ Ясны хугарал, мултралын үеийн анхны тусламж” сэдвээр  Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн их эмч, үндэсний  сургагч багш Б.Тэгшжаргал , “ Нуруу, нугасны гэмтлийн анхны тусламж сэдвээр  Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн их эмч, үндэсний  сургагч багш Д.Бат-Ундрах, “Архи болон мансууруулах бодист донтох эмгэгийн үеийн анхны тусламж”, “ Уналт таталт өгсөн болон сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийн анхны тусламж” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч н.Мөнхтуяа, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр ЗГХА-ЭМГ-ын мэргэжилтэн Б.Майцэцэг нар хичээл заасан.

Сургалтанд оролцогсод нь амилуулах суурь тусламж, осол гэмтэл, хордлого,  цус алдалт, архинд донтох эмгэгийн үеийн эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгийг олж авсан ба дадлагын хичээлийн явцад онолын мэдлэгээ   баталгаажууллаа.

Сургалтын төгсгөлд эмнэлгийн анхны тусламжийн талаар олж авсан  мэдлэгийн түвшинг шалган сургалтын дараах сорил   авсан ба мэдлэгийн  дундаж түвшин 63 хувьтай буюу сургалтын өмнөх үеийнхээс 2 дахин өндөр гарсан нь сургалт үр дүнтэй болсныг харууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа Б.Ганзориг, ЗГХА-ЭМГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга  Д.Жаргалмөнх нар сургалтанд амжилттай оролцогсдод 3 кредит бүхий гэрчилгээг гардуулсан.