Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН СИСТЕМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАВ.

Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4 /ADB/ төслийн захиалгаар Монгол улсын Эмийн зохицуулалтын хууль эрх зүйн үндэслэл, бүтэц, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн дүр зургийг гаргах зорилгоор  ДЭМБ-ын боловсруулсан Эмийн зохицуулах байгууллагын үнэлгээний мэдээлэл цуглуулах асуумжийн дагуу нийт 16 модулиар хийсэн үнэлгээний дүнг  танилцуулах уулзалт 2012 оны 3 сарын 28-ны өдөр ЗГХА-ЭМГ дээр боллоо. Уулзалтанд  Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4 төслийн баг, ЗГХА-ЭМГ-ын Эмийн зохицуулалтын хэлтсийн хамт олон, МХЕГ-ын эмийн хяналтын байцаагчид, МХЕГ–ын Нэгдсэн лабораторийн төлөөлөл оролцлоо.

Үнэлгээний багийнхан Монгол улсын эмийн зохицуулалтын талаар хийсэн үнэлгээний үр дүн, давуу ба сул тал, дүгнэлт, зөвлөмжийн дагуу гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.  

Энэхүү үнэлгээ нь Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4 төсөл хэрэгжихийн өмнө хийгдсэн суурь үнэлгээ бөгөөд төсөл хэрэгжсэнээр цаашид ямар үр дүнд хүрсэнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болох юм.

Эмийн зохицуулалтын асуудлууд хууль эрх зүйн баримт бичигт тусгагдсан, асуудлыг шийдвэрлэх хугацааг тодорхойлсон, холбогдох мэдээллийг байгууллагын веб сайтад мэдээлдэг зэрэг давуу тал байгаа хэдий ч олон улсын хэмжээнд мөрддөг гарын авлага боловсруулж мөрдөх, үйл ажиллагааг баримтжуулах, харилцан мэдээлэх солилцох механизм дутагдалтай, хүний нөөцийн хангамж дутагдалтай, мэргэшүүлэх сургалтанд хамрагдалт хангалтгүй,  лицензитэй эм зүйч, эм найруулагчийн нэгдсэн мэдээллийн сангүй, эм зүйч болон эм найруулагчийн мэргэжлийн стандарт байхгүй байна гэж дүгнэсэн байна.

Уулзалтанд оролцсон байгууллагууд  үнэлгээний зөвлөмжийн дагуу гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон ажлуудыг өөрсдийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.

ЗГХА-ЭМГ-ын Эмийн зохицуулалтын хэлтэс