Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

              Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эмч нар Та бүхэндээ  Дэлхийн эмч нарын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Улс орны аюулгүй байдал, оршин тогтохын үндэс, хөгжил дэвшлийн суурь нь хүний эрүүл мэнд байдаг. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад эмч хүний үүрэг чухал бөгөөд манай эмч нар энэ үүргээ гүнээ ухамсарлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өндөр мэргэжил эзэмшин, дэвшилтэт технологийг нэвтрүүлж хүн арддаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилласаар ирсэн. 

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн болон бусад салбарт нийт 7943 их эмч ажиллаж, 10 000 хүн амд ногдох их эмчийн тоо 28.51 байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байгаа хэдий ч манай улсын хүн амын тархай бутархай суурьшил, газар нутгийн алслагдсан байдал нь эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдад амьдрах, ажиллах таатай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах зэрэг шийдвэрлэвэл  зохих олон асуудал бидний өмнө тулгарч байгаа хэдий ч манай эмч нар дэлхийн анагаах ухааны хөгжил, дэвшилээс суралцаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж элэг, бөөр шилжүүлэн суулгах, тархи, зүрхний мэс заслыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж, үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгац суулгах зэрэг оношлогоо эмчилгээний олон шинэ шинэ аргыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн амжилтыг бид дурьдахад таатай байна.

              Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж  бахархаж байдаг.

Эрүүл мэндийн яамнаас 2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”  болгон зарласантай холбогдуулан эмч Та бүхэн эрүүл мэндийн салбарын ажиллагсадаа манлайлан ажиллаж шинэ, шинэ ололт амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
             ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА,       Ш.ЭНХБАТ, Анагаахын  Шинжлэх ухааны доктор