Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өдөр мэндэлжээ

 Монгол улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд, гурван сая дахь иргэн 2015 оны 01-р сарын сарын 24-нд эцэг Э.Хатанболд, эх Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорчээ. Гурван сая дахь иргэний мэдээллийг ажлын хэсгээс Монгол улсын Ерөнхийлөгчид өнөөдөр/2015.01.28/ хүргэлээ.

 Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, “Шинэхэн цас бударсан энэ өглөө Монгол улсын 3 сая дахь иргэн төрсөн талаархи мэдээллийг дуулгахдаа таатай байна” гэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан гурван сая дахь иргэний мэдээллийг танилцуулсан юм.

 Тэрээр хэлэхдээ, “Журмын дагуу гурван сая дахь иргэнийг тодруулсан. Статистик төрөлтийн мэдээг эрүүл мэндийн газраар дамжуулан авч, комисс өдөрт 2 удаа, 12 цагийн давтамжтайгаар авсан. Гадаадад төрсөн хүүхдийн мэдээллийг консулын газраар дамжуулан авсан байгаа. Ийнхүү нэгтгэн дүгнэсний дүнд 2015 оны 01-р сарын сарын 24-ний өдөр эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон. Тухайн өдөр 181 иргэн төрсөн бөгөөд үүнээс 3 нь гадаадад төрсөн. Яг гурван сая дахь иргэн гэдгийг өчигдөр орой тодорхойлсон. Ажлын хэсэг болон төрийн байгууллагууд онцгойлон сайн ажиллалаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн тухайн өдрийн 23 дахь төрөлт бөгөөд тэрбээр өглөөний 08:27 цагт төрсөн байна” гэлээ.

 Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “Эх хүүхэд эмчийн хяналтад байгаа. Гурван сая дахь иргэн эхийнхээ анхны хүүхэд, 3.5 кг 50см өндөр. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа” гэв.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдарч буй Э.Хатанболд, гэргий Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнд тэдний гэр бүл, ах дүү, ойр дотны хүн бүхэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өөрийнхөө болон нийт эрүүл мэнд, спортын салбарынхны нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөлөө. Мөн эх хүүхдийг эсэн мэнд амаржуулсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүд, нийт ажилчдад баяр хүргэж, гүн талархал илэрхийлж байна.

alt