Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн Ээлжит цахим хурал болов

 

"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн

Ээлжит  цахим хурал болов

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулагддаг ээлжит 21 дэх цахим хурал 2014.06.20 – нд Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.

Энэ удаагийн хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явуулсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд захирал У.Цэвэгмид, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Г.Соёлгэрэл, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Гэрэлмаа болон албаны бусад хүмүүс оролцов.

Хурлын эхэнд уламжлал ёсоор өнгөрч буй долоо хоногт зорилтот жилийн ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан юм.

Тухайлбал, ЭХЭМҮТ, НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг 21 аймагт зохион байгуулж дууслаа. Мөн ЭМЯ, Глобал сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн байгууллагын “Халдвар хяналтын тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээ” хурлыг зохион байгуулж, хөдөө орон нутаг, эмнэлгүүдийн 100 гаруй эмч мэргэжилтэн оролцсон байна. Эрүүл мэндийн сайдын шинэчлэн батлагдсан 186, 187 дугаар тушаалуудыг танилцуулж, эрүүл мэндийн байгууллагуудад мөрдүүлж ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.

“Эрт нярай үеийн нэн шаардлагатай тусламж” 2014-2020 стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Я.Буянжаргал дарга мэдээллээ. Тэрээр ДЭМБ-аас ирсэн мэргэжилтнүүд “Эрт нярай үеийн нэн шаардлагатай тусламж” –ийг хэрэгжүүлэх талаар ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газруудад ажлын байран дээр нярайн нэн шаардлагатай тусламжийн бэлэн байдалтай танилцаж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Монгол улс эх, нярайн тандалт судалгаа болон тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулж байгааг сайшааж, ДЭМБ-ын гишүүн улсууд сайн жишээ болгож байгаа таатай мэдээг цахим хурлын үеэр дуулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд амжилт хүссэн юм.

Үүний зэрэгцээ өнгөрч буй долоо хоногт Монгол - Германы хамтын ажиллагааны 40 жилийн ойг тохиолдуулан “Халдварын сэргийлэлт, хяналт” олон улсын симпозиумыг зохион байгуулж, 300 орчим эмч, мэргэжилтэн оролцож, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр Олон улсын болон Монгол улсын сайн туршлагууд, шинжлэх ухааны ололтуудыг хэлэлцсэн.

Эрүүл насжилт, нөхөн үржихүйн дараах насны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ олон улсын сургалтыг Геронтологийн үндэсний төв, ЭХЭМҮТ, Монголын менопауз, андропаузын нийгэмлэг хамтран зохион байгууллаа.

Ховд аймагт Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх-2 төсөлтэй хамтарсан “Эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахад багийн эмч нарын оролцоо” сэдэвт Баруун бүсийн багийн эмч нарын зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд багийн эмч нийт 40 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр танхимын сургалт явагдсанаас гадна аймаг бүрээс ирсэн багийн эмч нар өөрсдийн шилдэг сайн туршлагаа танилцуулсан. Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн эмчийн байр, иргэдэд үзүүлж байгаа тусламжийг газар дээр нь очиж үзэж, туршлага судалжээ.

Үүний дараагаар Баянхонгор, Баян-Өлгий аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл сонслоо.

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон: 

- Манай аймгийн хувьд 82 мянга гаруй хүн амтайгаас нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд 40 гаруй хувийг эзэлдэг. 2014 оны эхний 5 сарын байдлаар 897 эх амаржсан бөгөөд үүний 80 орчим хувь нь аймагтаа төрсөн. Одоогоор 1128 эх жирэмсний хяналтад байна.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын дэмжлэгтэйгээр 8 чиглэлээр 42 ажлыг хийхээр төлөвлөж, зохион байгуулсны үр дүнд хүүхдийн эндэгдлээ бууруулж чадлаа.

Мөн Шаргалжуут рашаан сувилалыг түшиглэн зуны сувилал ажиллуулж 158 хүүхдийг сувилалд явуулж эмчлэн эдгэрүүлсний зэрэгцээ сум бүрт хүүхдийн сувилагчийг ажлуулж эхэлсэн. Засаг даргын дэмжлэгтэйгээр “Шинэ зууны эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эмч, сувилагчдаа БНСУ-ын Ансан хотын Данвон эмнэлэгт 3 сувилагч, 5 эмчийг нэг сарын ажлын байрны чадавхижуулах сургалтад хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах, иргэдэд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд дуслах үүднээс сумдын сувилагч, үйлчлэгч, жолооч зэрэг нийт 30 хүнийг хамруулсан соёлын сургалтыг явуулсан.

 Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл: 

- Манай аймаг 90878 хүн амтай. Он гарсаар 1173 эх амаржсан байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт нэмэгдсэн. Аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж, 736,609,800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний нэг жишээ бол “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сан”-г Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталж өгсөн явдал юм. Аймгийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сан”-д нийт 20 сая төгрөг шийдэж өгсөн. Хагас жилийн байдлаар ноцтой хүндэрсэн эмзэг, ядуу бүлгийн найман жирэмсэн эхийг Улаанбаатар хотод эмчлүүлэх хоёр талын замын зардлыг шийдэж өгч ажилласан байна.

Мөн “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-тэй холбоотой төрөх тасгийн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах асуудлыг аймгийн Засаг даргын хуралдаанаар шийдвэрлэж, төрөх тасгийн орыг 50 болгож, төрөх тасагт 13 эмч ажилчдыг нэмж ажиллуулж байна. Ингэснээр найман сувилагч, нэг эх баригч, дөрвөн асрагч ажлын байраар хангагдлаа.

Бид гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаасаа суралцахыг хичээж ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн МСС кабинетийг эх барих, эмэгтэйчүүдийн ахмад их эмч М. Батырханы нэрэмжит болгож, тэтгэвэрт байгаа ахмад гавъяат эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан тэдний туршлагыг сонсож, ярилцлага зохион байгууллаа.

Хоёр аймгийн танилцуулгыг сонссоны дараагаар асуулт асууж, санал солилцсон. Орон нутгийн засаг захиргааны удирдлагууд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд Эрүүл мэндийн яамны зүгээс талархаж буйгаа Я.Буянжаргал дарга илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын "Талархлын захидал"-ыг Засаг дарга нарт илгээх болсныг дуулгасан юм. 

Дараагийн цахим хурлаар Хөвсгөл, Хэнтий аймгууд хийсэн ажлаа танилцуулахаар тогтсоноор хурал өндөрлөв.