Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Хөдөлмөрийн яармаг боллоо

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран 2013 оны 06 сарын 28-ны өдөр Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг-2013” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулснаар 2013 онд Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд сургууль төгсөж эрүүл мэндийн салбарт ажиллах эрхээ авсан эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулах зорилго, ач холбогдолтой юм.

 “Хөдөлмөрийн яармаг-2013”-т Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Баянхонгор, Дорноговь, Архангай аймгуудын эрүүл мэндийн газрын хүний нөөцийн менежерүүд, Монголын Өрхийн Анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, салбар зөвлөл, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, Геронтологийн үндэсний төв, СЭМҮТ, ШИНЭСТ шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, III амаржих газар оролцож төгсөгчдөд шаардлагатай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэн, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, холбогдох дүрэм журмыг сурталчилж хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Энэ онд Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий улсын болон хувийн 8 их, дээд сургуулийг 2933 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн төгссөн байна. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд 2810 төгсөгч орсноос 2310 эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч  эрүүл мэндийн салбарт ажиллах эрх аваад байна.

Цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар боллоо.