Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
“Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөг боллоо

ЭМЯ-наас Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.

Өдөрлөг өглөөний 10:00 цагт эхэлсэн бөгөөд ЭМЯ-ны ажилтнууд, яамны харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага, албан хаагчид өөрсдийн ажлын байрнаас алхаж Сүхбаатарын талбай дээр ирсэн бөгөөд идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилсан юм.

Тус өдөрлөгөөр идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрахын үндэс гэдгийг тайлбарлан сурталчилахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид энэхүү ажлыг өөрсдөөсөө эхлүүлэхээр шийдэж, идэвхтэй оролцсон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ хүн дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлснээр зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, биеийн жингийн илүүдлээс сэргийлэх бүрэн боломжтой гээд, ард иргэдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хийн дасгал тогтмол хийж байхыг уриалсан юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Хийн дасгалын 1000 хүний үзүүлбэр” зохион байгууллаа. “Биеэ тэтгэх”, “Биеийн шүлэглэл” гэж нэрлэгддэг хийн дасгал нь аливаа өвчнөөс сэргийлэн, биеийг чийрэг, өвчнийг эмчлэн эрүүлжүүлэх ач холбогдолтой бөгөөд манай улсын хувьд 2000 оноос хөгжиж эхэлсэн боловч хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 2007 оноос эхлэн хийн дасгалыг эмнэлгийн эмч, ажилчид болон дүүргийн ахмадуудад зааж эхэлсэн байна.

Өдөрлөгт зориулж охидын цэнгээнт бүжгийн хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилууллаа. Үүний дараа талбай дээр цугласан албан хаагчид ажлын байрны дасгал хийж алжаалаа тайлсан юм. Өдөрлөгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, тус яамны газар, хэлтсийн дарга, албан хаагчид болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд, анагаахын чиглэлээр суралцдаг оюутан залуус, ахмад настнууд зэрэг 1000 гаруй хүн оролцов.

Бүтэн нэг цагийн турш үргэлжилсэн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг таниулсан, зөв амьдралын хэв маягийг сурталчилсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө хэмээн өдөрлөгт оролцогчид хэлж байлаа.

Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” сэдэвт өглөөний алхалтыг зорилтот бүлгүүдийн дунд хийж эхэлсэн бөгөөд эхний алхалтыг архинаас татгалзаж байгаа залуучуудтай хамт зохион байгуулсан. Цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, төрийн албан хаагч эмэгтэйчүүд, цаашилбал улс орон даяар нэг өдөр зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна.