Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа  “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ” төслийн хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш (Training of Teachers-TOT) бэлтгэх сургалтыг 2016 оноос зохион байгуулж,  өнөөг  хүртэл 699 их эмч, сувилагчийг эмнэл зүйн сургагч багшаар улсын хэмжээнд бэлтгээд байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан  “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын дагуу төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг Эмнэл зүйн сургагч багшийн сургалтад суралцаж, албан ёсны гэрчилгээ авсан их эмч удирддаг болсон.

2020 онд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг үе шаттайгаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны анхны сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг - Монгол Япон сургалтын эмнэлгийн захиалга, санхүүжилтээр зохион байгуулж эхэллээ. 2020 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү сургалтад тус сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Алтайсайхан, эмнэл зүйн эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг, Уламжлалт анагаах ухааны асуудал эрхэлсэн дэд Б.Лагшмаа, Зүрхний төвийн эрхлэгч Ө.Цолмон тэргүүтэй 24 их эмч суралцаж байна.

Сургалтыг эмнэл зүйн чиглүүлэгч багш Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм, шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид, Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Т.Лхагва-Очир, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Г.Сансар, Улсын нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх нар удирдаж явуулж байна.


Энэ сургалтад суралцсанаар төгсөлтийн дараах сургалтын сэдэв, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөөг боловсруулах арга зүйд сургах, заах, багшлах арга зүйг эзэмших, суралцагчийг үнэлэх үнэлгээний арга зүйд  суралцаж, сургагч багшийн хувьд суралцагч эмч, шинэ залуу эмч нарт чин сэтгэлээсээ хандаж, төгсөлтийн дараах сургалтад оролцох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм.