Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн ажиллаж байгаа “1:2” зорилт нь 2018 оноос хэрэгжиж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран анх удаа 23 эрүүл мэндийн байгууллагын 60 эмнэлгийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулан сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид нар оролцлоо.

Энэхүү сургалтад оролцсоноор Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, амилуулах суурь тусламж, эрүүл мэндийн байгууллагын халдвараас сэргийлэх ур чадварт суралцах юм. Сургалтыг эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарыг чадавхжуулах сургалтын үндэсний хэмжээний сургагч багш нар удирдаж байгаа бөгөөд онол дадлага хослуулан зохион байгуулж байна.

Сургалтын өмнөх ба дараах харьцуулсан тестээр амьлуулах суурь тусламжийн мэдлэг 35-95 хувь, ёс зүйн мэдлэг 65-80 хувь болж нэмэгдсэн байгаа нь сургалтын ач холбогдол, үр өгөөжийг илтгэж байна.

Цаашид эмнэлгийн үйлчилгээний ажилтны сургалтыг тогтмолжуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аюулгүй байдал, халдвар хамгааллын чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулах тал дээр эрүүл мэндийн байгууллагагуудтай хамтран ажиллах нь зүйтэй болох нь сургалтаас харагдлаа.