Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
"АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ"

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, амьд болон тархины үхэлтэй доноруудыг хүндэтгэх эргэн дурсах "АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" арга хэмжээг 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.             

Тус арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, VITALLINK, RAPHAEL INTERNATIONAL ТББ, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо ажилласан ба Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Ротари клуб, Камертон хамтлаг, Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөгт нийгмийн хариуцлагын хүрээнд донорын үйл хэргийг дэмжиж Камертон хамтлаг, Дижитал хамтлаг, дуучин Баярцэнгэл нар ая дуугаа өргөсөн байна.

Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан байдаг. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар донорын зөвшөөрлийн картыг ЭМХТ Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас бэлтгэн тус арга хэмжээнд эхний 5 картыг Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд гардуулан өгсөн билээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 550 гаруй иргэн  оролцлоо.

 Сонирхуулахад Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Монгол улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг. Өнөөдрийн байдлаар нийт бөөр 184 /тархины үхэлтэй донороос 18/, элэг 93 /тархины үхэлтэй донороос 4/, ясны чөмөгнөөс үүдэл эс 4, нүдний эвэрлэг 16-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.