Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
ЭМЯ-аас Телемедициний сүлжээгээр зарим аймгийн өвөлжилтийн байдалтай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын хүргүүлсэн албан даалгаврын дагуу холбогдох албаны хүмүүс өчигдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэх ажлын хүрээнд хийж буй ажил болон өвөлжилтийн байдалтай нь танилцав.

 Уулзалтын эхэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой Байдлын Ерөнхий Газраас ирүүлж буй мэдээллээр энэ жил олон жилийн дунджаас их цас унах мэдээлэлтэй байгаа тул зудын аюул болзошгүйг анхааруулж, эмнэлгийн түргэн тусламжинд шаардлагатай байгаа зүйлээ уламжлахыг хүслээ.

Аймгуудын ЭМГ-ын дарга нар цас ихтэй, автомашин болон автомашины сэлбэг, дугуй муудсан зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ховд аймгийн гэрэл тасран тус хуралд орж чадахгүй болсноо утсаар мэдэгдэж ЭМЯ-аас дараах найман аймагтай холбогдов.

Орхон аймгийн хувьд бөөрний гемодиализын аппарат хангалтгүй, мөн өөр аймгийн үйлчлүүлэгчид ирж ачааллыг нэмэгдүүлдэг байна.

Сүхбаатар аймгийн урд 4 сумын цасны зузаан 25-30 см-т хүрч байдал хүндхэн, түргэн тусламжийн машин нь эвдэрч хувийн машинаар явж байгаа, цас ихтэй тул бензин зарцуулалт ихэссэнийг тус аймгийн ЭМГ-ын дарга хэллээ.

Дорнод аймгийн ЭМГ-ын дарга тоног төхөөрөмжийн засвар сэлбэгийг нь шийдэх тал дээр анхаарч, энэ онд гарч буй өр бий болсныг дуулгалаа.

Харин Өвөрхангай аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас 60 хувь нь зудын байдалтай, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад түргэн тусламжинд явдаг “469” маркийн автомашины 12 дугуй, 3 тн шатахуун нэн түрүүнд шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв.

Архангай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаагаас 6 сум зудын байдалтай, төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд ирүүлж байгаа юм байна. Түүнчлэн 2 суманд түргэн тусламжийн автомашин зайлшгүй шаардлагатай болжээ.

Төв аймгийн хээрийн нутгаар цас зузаан, сумдад гэрэл тасралт ихтэй, хамгийн сүүлд Баянхангай сумын гэрэл тасарсан. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 8 автомашинтайгаас дөрөв нь актлагдсан, дөрөв нь сэлбэг муу, зуны дугуйтай явж байгааг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болжээ.

Говь-Алтай аймаг мөн л цастай, автомашины сэлбэг тааруу, оны эцэст өртэй гарч байгаа аж.

Дундговь аймагт өвөлжилт харьцангуй гайгүй, Эрдэнэдалай суманд цас ихсэж байна. Тус сумын Эрүүл мэндийн төвийн барилга 1963 онд баригдсан чулуун барилга бөгөөд хүйтэн тул халаалтыг нэмэхэд анхаарах хэрэгтэй болжээ.

Ийнхүү уулзалтыг зохион байгуулсанд аймгийн ЭМГ-ын дарга нар талархалтай байв. Интернэт уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар дээрх саналуудыг судалж үзэн шаардлагатай арга хэмжээг боломжоор нь авахаа илэрхийллээ.