Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
12 СУВИЛАГЧ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛЛОО

12 СУВИЛАГЧ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 13-нд “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас “1:2” зорилтыг эхлүүлснээ зарласан өнгөрсөн хагас сарын хугацаанд гадаад оронд ажиллаж байгаад ирсэн, хүүхэд асрах болон бусад хувийн ба ар гэрийн шалтгаанаар чөлөөтэй байсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг тодорхой шалтгаанаар урт, богино хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй 150 гаруй сувилагч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” сургалт, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтыг дэмжиж дээрх сургалтуудыг хамтран зохион байгуулж байна.

“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” эхний сургалтыг 10 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулж, 42 сувилагч хамрагдсан бол “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” эхний сургалтыг 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулж, 35 сувилагч суралцаад байна. Дээрх 2 сургалтад хамрагдсан 77 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтаа амжилттай өгч дууслаа.

Эдгээр сувилагч нараас дутагдалтай орон тоог нөхөж, ажил авах хүсэлтээ эрүүл мэндийн байгуулагууд ирүүлж эхлээд байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 5-ны өдөр Архангай, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагууд нийт 12 сувилагчийг ажилд авсан байна. Түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Дээрх 2 сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 2 дахь ээлжийн сургалтад нийт 76 сувилагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Сувилахуйн сургууль бэлтгэл хангаж байна. Түүнчлэн орон нутагт эдгээр сургалтыг явуулах хэрэгцээг судалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сувилахуйн сургуулиудыг түшиглэж явуулахаар төлөвлөж байгаа болно.