Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг гардуулах арга хэмжээ боллоо.

2011 оны Монгол улсын Их хурлаас баталсан Эрүүл мэндийн тухай хуулинд “ Хувь хүн өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарч эрүүл мэндийн боловсрол эзэмших  үүрэгтэй”  гэж  заасны дагуу иргэдэд эрүүл мэндээ  хамгаалахад нь   дэмжлэг үзүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх,   эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь  Эрүүл мэндийн сайдын санаачилсан   “Эрүүл мэнд-Эрхэм баян”,  “Эзэн хичээвэл эрүүл байна” уриан дор  төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, олон нийтийн телевизтэй хамтран  31 ширхэг эрүүл мэндийн цуврал нэвтрүүлгийг  хийсэн.

Дээрх  цуврал нэвтрүүлгүүд нь  вируст гепатит,  ДОХ, боом, хачигт халдвар, галзуу зэрэг халдварт  болон гоц халдварт өвчин, хавдар,  цусны даралт ихсэх, харшил зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн аргууд,  эрүүл хоол хүнс,  дасгал хөдөлгөөний ач холбогдол, архи, тамхины хор уршиг, эмийн зохистой хэрэглээ зэрэг иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хийгдсэн ба цуврал нэвтрүүлгүүдийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар  олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад    2012 оны 7 сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр гардуулж өөрийн сувгаар дамжуулан нэвтрүүлгүүдийг цацаж  түүгээр дамжуулан  иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх хүндтэй үйлсэд  хамтран ажиллахыг уриаллаа.

  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР