Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Мэндчилгээ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр,  Монгол орон минь дэвжин дээшлэхийн  ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар та бүхэндээ дэвшүүлье. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон  2017 оны эхний хагас жилд:

Бодлогын судалгаа удирдлагын сургалтын алба: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор удирдах ажилтны сургалтын хэрэгцээг тогтоолоо.

Статистик мэдээллийн технологийн алба: Эрүүл мэндийн салбарын 2016 онд хийгдсэн ажлын  мэдээ, мэдээллийн нэгтгэсэн “Эрүүл мэндийн үзүүлэлт 2016” номыг Монгол, Англи хэлээр хэвлүүлэн хэрэглэгчдийг мэдээллээр хангав.

Гемодиализийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг болсонтой холбогдуулан үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон эмнэлгүүдэд H-Info 3.0 програм хангамжаар дамжуулан эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ авах боломжийг бүрдүүллээ.

            Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн програм хангамжийг нэвтрүүлэн  бүртгэл  мэдээний сан бүрдүүлж эхэллээ. Монгол улсын эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэршил, код ангиллын  гарын авлагыг боловсрууллаа.

Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн алба: 2017 оны хагас жилийн байдлаар нийт 2594,  мөн 81 гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг баталгаажуулан олгосон. ЭМЯ-аас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болгох чиглэлээр сургалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан.

Резидент эмч нарын  ёсзүй, харилцаа хандлагыг сайжруулах сарын аянг амжилттай зохион байгууллаа.

            Чанар магадлан итгэмжлэлийн алба: “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь” цахим сургалтыг 21 аймаг, нийслэлийн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.   

            Эм, эмнэлгийн хэрэгслийн алба:  “Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийн жагсаалт”, “Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн БИБ-ний жагсаалт”  эмхтгэлүүдийг хэвлүүлэн хэрэглэгчдэд хүргэлээ. Шинэчлэгдсэн Лайсмед програмыг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг олон олон ажил, бүтээлийг гүйцэтгэлээ.

 

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-Наадам Монгол нутгийн дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!  Та бүхэн халуун бүл,   хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ          Б.НАРАНТУЯА