Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Өрхийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Өрхийн эмч нарт зориулсан “Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын үеийн менежмент”

Сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. 

Хүйтний улирал эхлэж хүн амын дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварууд нэмэгдэн улмаар хүндрэх нь манай орны хувьд жилийн жилд элбэг тохиолддог. Энэ үед эцэг эхчүүд юун түрүүнд Өрхийн эмнэлэгт ханддаг бөгөөд зарим тохиолдолд эмч нарын мэдлэг чадвар дутагдсанаас буруу оношлох, эмчлэх тохиолдол гарах нь байдаг. Иймд Улаанбаатар хотын бүх өрхийн эмнэлгүүдийн эмч нарын Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварыг эмчлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах гарын авлагаар хангах зорилготой  “Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын үеийн менежмент”  сургалтыг 11 сарын 09,10 нд ЭМХТ, ЭХЭМҮТ хамтран ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтад 500 өрхийн эмч нар оролцсон бөгөөд “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт”, “Томуу, томуу төст өвчин, оношлогоо, эмчилгээний зарчим”, “Амьсгалын дутагдлын эмнэлзүйн хэлбэрүүд, оношлогоо эмчилгээний зарчим” сэдвүүдээр ЭХЭМҮТ-ийн мэргэшсэн эмч нараар  хичээл заалгалаа. Өрхинй эмч нар энэхүү сургалтад маш идэвхтэй хамрагдсан бөгөөд цаг үеэ олсон ихээхэн үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна.