Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ

 Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Монгол улс 1991 оноос В вирүс хепатитын эсрэг вакцинаар  шинээр төрсөн хүүхэд бүрийг дархлаажуулж, хамралтыг 99.5 хувь хүргэснээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд вирүс тээгчдийн тархалт 0.53 хувь болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2010 оны 63/9, 2014 оны 67/6 дугаар тогтоолын дагуу Монгол улс 2011-2015 онд хэрэгжүүлэх “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратегийг боловсруулж, хэрэгжүүлсэн байна. Гэвч Монгол улс нь вирүст хепатитын өвчлөл, нас баралт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй улс орнуудын тоонд орж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэ оны дархлаажуулалтын 10 хоног нь хепатитын В вирүсийн халдварт өртөх магадлалтай эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах болон онцгой байдлын бие бүрэлдэхүүн, албан хаагчид, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг онцлон дархлаажуулалтад хамруулах, түүний ач холбогдлыг сурталчлах ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ дархлаажуулалтын үндэсний товлол, нөхөн дархлаажуулалт, А амин дэм, хөхөөр хооллолтын ач холбогдлыг сурталчлах болно.