Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.

Хүний амьдралын чанар, эрүүл урт наслалтад анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нотолгоонд тулгуурласан анагаах ухааныг хөгжүүлэн, шинэ мэдлэгийн эрэл хайгуул хийх,  оюуны бүтээлийг эргэлтэд оруулах замаар эрүүл мэндийн дэвшилтэт технологийн хөгжлийг хангах нь улс орнуудын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болж байна. 

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 20 жилийн ойгоо угтсан Өндөр бүтээлийн жилийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тулгамдсан асуудлыг олж харах, шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээх, шийдвэр гаргагчдыг нотолгоонд үндэслэсэн мэдээллээр хангах,  эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбарын  хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, оюуны бүтээлийг баялаг болгох зорилгоор  “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд нотолгоо мэдээлэл болж, эрүүл мэндийн салбарын эмч, судлаачдын  оюуны бүтээлийг бүтээгдэхүүн,  үйлчилгээ болгох арга зам нээгдэн, олон улсын түвшинд шинэ санаа, шинэ мэдлэг солилцох, түгээх боломж бүрдэх юм.  

 

Эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын болон гадаад орны төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл, холбоод, судлаачид, мэргэжилтнүүд оролцож байна.

 

Хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл:

  • Эрүүл мэндийн салбарын засаглал, манлайлал
  • Хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт
  • Эрүүл мэндийн санхүүжилт
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, технологи
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
  • Мэдээлэл, тандалт  гэсэн сэдвүүд байх юм.

 

Бүтээлийг олны хүртээл болгох:

  • Редакцийн зөвлөлөөс олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр сонгон шалгаруулсан эрдэм шинжилгээний өгүүллийг  АШУҮИС-ийн Эрүүл мэндийн шинжлэх ухаан (ISBN 999929-81-31-8) сэтгүүлийн тусгай дугаарт хэвлүүлсэн.