Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ II ЭЭЛЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор “Анхан шатны эмнэлгүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах” сэдэвт сургалт 2016 оны 08 дугаар сарын 20, 21 болон 2016 оны 08 дугаар сарын 27, 28-ны  өдрүүдэд  зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 142 өрхийн эмнэлгээс их эмч 1, сувилагч 1, нийт 284 мэргэжилтнийг хамруулахаар төлөвлөснөөс 2016 оны 8 сарын 20-21-ний өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баязүрх, Багануур дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв,  2016 оны 8 сарын 27-28-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 258 эмч, сувилагч нар оролцлоо.

Энэхүү сургалтыг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, гэмтлийн үеийн суурь тусламж, могой, шавьжинд хатгуулах, наранд цохиулах үеийн яаралтай тусламж болон түлэгдэл, угаарын хийн хордлогын үеийн тусламж, бусад орчны нөлөөт эмгэгийн үеийн яаралтай тусламж, яаралтай тусламжийг багаар үзүүлэх зэрэг сэдвүүдээр лекц, дадлага хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтанд оролцсон эмч, сувилагчдаас амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн сургалтын өмнөх болон дараахь сорил авч сургалтын үр дүнг үнэлсэн байна. 

Цаашид анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг сайжруулах тасралтгүй сургалтуудыг төлөвлөгөөтэй, үе шаттай явуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа болно.