Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ТАЛААР ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2016 оны 04 сарын 22-ны өдөр батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль, “Эрүүл мэндийн тухай” хуульд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалттай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орсныг Та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа резидент эмч буюу үндсэн мэргэшлээр суралцах их эмчтэй холбоотой  томоохон өөрчлөлтүүд тусгагдсан.

 Үүнтэй холбоотой шаардлагатай судалгаа, тооцоонуудыг хийх, сургалт эрхлэх байгууллагуудын хүчин чадлыг үнэлэх, шинээр сургалт эрхлэх байгууллагуудад зөвшөөрөл олгох, шаардлагатай сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, шинээр боловсруулах, ялангуяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалт явуулах боломжийг бүрдүүлэх, сургалтыг удирдах эмч-багшийг сонгох, сургаж бэлтгэх, холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөх зэрэг ихээхэн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн резидент эмчид суралцах хугацаанд нь олгох санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх  талаар холбогдох яамтай хамтран судалж байна.  

Дээрх асуудлуудтай холбоотойгоор үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт авах хугацаа одоогоор тодорхой бус байна. 

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нөхцөл байдлыг урьдчилан тооцож, хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн мэргэжлээр энэ жил сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд зохион байгуулж олгосон болно. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2 жилийн зөвшөөрөлтэй хүний их эмч нар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд өмнөх жилийн төгсөгчдийн адил ажиллах боломжтойг мэдэгдье.

 

Жич: Элсэлттэй холбоотой мэдээллийг тухай бүр www.chd.mohs.mn  цахим сайтаар хүргэх болно.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА

Лавлах утас: 93131767

2016.08.18