Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” шинээр төрөн гарав.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын санаачлагаар “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” шинээр төрөн гарав. Шагналын тухай 2012 оны 5-р сарын 4-ний өдөр хуралдсан Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сайшаан баталсаны үндсэн дээр Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн яамнаас шагнал олгоход мөрдөх журам”-д нэмэлт оруулах тухай 161 тоот тушаал гарч, хэрэгжүүлж ажиллахаар болов. Уг шагналаар хүн ардын эрүүл мэндийн төлөө үйлсэд онцгой үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн аль ч салбарын хүн шагнагдаж болно.

“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал”-ыг үе үеийн сайд нар уламжлуулан авч явах, билиг ерөөл дүүрэн, салбарын өндөр нэр хүндтэй шагнал болгохоор ийнхүү бүтээгээд байгаа аж.

“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” нь ногоон хаш суурин дээр байрласан хундага ороосон хүрэл могойн дүрс байх бөгөөд чулуун суурины хоёр хажуу талд алтан ялтас суулгаж өгсөн байна. Хаш чулуун суурины зөв талын ялтсан дээр монгол үсгээр “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал” гэсэн бичээсийг, эсрэг талын ялтсан дээр Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын овог нэрийг тус тус бичжээ. Шагналын суурь 45х45х120 мм, хундага ороосон могойн өндөр 100 мм-ийн хэмжээтэй юм.

“Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал”-аар шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгож байх ажээ.