Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМ-ийн сайд Н.Удвал ОХУ-ыг зорих эмч, сувилагч нарыг хүлээн авч уузлаа.

Эрүүл мэндийн яамнаас төрийн сангийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, БОЭТ, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг анх удаа урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхэлсэн. 

Япон, БНХАУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улсад урт болон богино хугацаагаар 114 эмч, сувилагчийг сургахаар төлөвлөсөн байна. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ нар өнөөдөр гадаадад суралцах эмч, сувилагчдын дөрөв дэх багийнхантай уулзлаа. Нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй энэ багийнхан ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа юм. Мэс засал, хүүхэд, дотор, эх барих, эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний чиглэлийн 16 эмч, гурван сувилагч нэг сарын хугацаатайгаар ийнхүү эх орноосоо мордож байна.  

Гадаадын улс орнуудад суралцах эмч, сувилагч нарт мэргэжил дээшлүүлэх хугацаандаа ямар зүйлийг голлон анхаарах талаар нэгдсэн удирдамжийг өгч байгаа юм байна. Тодруулбал, Эмч нар тухайн мэргэжлийнхээ эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, стандарт, технологи, сургалт, шинэ дэвшилтэт арга барилаас суралцаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийг зэрэгцээ эх орондоо нэвтрүүлэхийг үүрэг болгож байгаа ажээ.Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Бид энэ жил эмч, мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийг дээшлүүлэх асуудалд голлон анхаарч ажиллаж байна. Ялангуяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг илүүтэйгээр сургахаар төлөвлөсөн. Мөн манай оронд дутагдалтай байдаг нарийн мэргэжлүүд тухайлбал, Андрологи, Иммуногематологи, тархи, нуруу нугасны мэс заслын чиглэлээр эмч нарын мэргэжлийг дээшлүүлэхээр суралцуулж байгаа. Манай улс эх, нярайн эндэгдэл өндөр орноос дунд түвшинтэй орны тоонд орсон. Энэ бол эрүүл мэндийн салбарын амжилт. Цаашид улам бууруулахад та бүгдийн гадны өндөр хөгжилтэй орноос сурч ирсэн шинэ технологи, аргачлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлэхийг хүсч байна” хэмээгээд яаралтай түргэн тусламжийн чиглэлээр БНСУ-д ч эмч нарыг сургаж эхэлснийг дуулгасан.