Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ГАРЧ БУЙ ОЛОЛТ АМЖИЛТУУД

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдол, дутагдал, эмч, эмнэлгийн мэргэжилтний буруутай үйлдлийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түлхүү гарч байгаа боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон сайхан ололт амжилт гаргаж буй байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэний талаар дурсахгүй өнгөрч байгаа нь харамсалтай.

Тэгвэл өнөөдөр чихэнд чимэгтэй хэд хэдэн сайхан мэдээг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдэд дуулгахад таатай байна.

Өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг гутааж, ажил албандаа хайнга ханддаг ухамсар дорой нэгэн байхад олон улсын стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжийг ашигласан, дэлхийн түвшинд хүрсэн оношлогоо эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлсэн, яаралтай түргэн тусламжийг оновчтой зөв үзүүлж олон хүний амь насыг аварсан тохиолдууд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн байгууллагуудын алдаа зөрчил, ололт амжилтыг бүртгэх мэдээний сан”-д бүртгэгдсээр байна.  Эдгээрээс дурьдвал:

Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт “Операция протезирование в условиях АИК”-ийг аргыг нэвтрүүлж цусны зохиомол эргэлтийн нөхцөлд гол судасны хавхлагт хиймэл хавхлага суулгах, хөлийн өнгөц венийн судас ашиглан зүрхний баруун титэм артерийг гол судастай залгах хагалгааг амжилттай хийсэн байна.

Хавдар Судлалын Үндэсний Төв нь 2012 оноос эхлэн элгийг дурангийн мэс заслын аргаар тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай гүйцэтгэж байгаа төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн улс орнуудад хэрэглэгддэг цөсний замын цоорхойг илрүүлэх “White Test” аргыг шинээр нэвтрүүлээд байна.

Наркологийн Төв нь ОХУ болон ХБНГУ, АНУ-д хийгддэг сэтгэцийн процесс, сэтгэцийн чанарын онцлог, өөрчлөлтийг илрүүлэх сорилыг шинжин хийх  аргыг оношилгоонд шинээр нэвтрүүлснээр ой санамж, анхаарал, сэтгэхүй, оюуны ажиллах чадвар зэрэг сэтгэцийн процессийг мөн өөрийн ухамсар, биеэ цэгнэх чанар, зориг эрмэлзлэл, неврозийн илрэл, үгийн илрэл, темперамент, сэтгэлийн хөдөлгөөний байдал, аминч шинж, бие хүний сэтгэцийн чанарын онцлог өөрчлөлтүүдийг хэмжих болсон байна.

Тус эмнэлгийн хувьд архинд донтох эмгэгтэй хүний бие хүний сэтгэцийн чанарын онцлог, өөрчлөлтийн илрэлийг сэтгэцийн илрэлийн сорилын тусламжтайгаар оношилдог болсон нь эмчилгээг оновчтой сонгох, өвчний явцыг тодорхойлох, эрт илрүүлэх, хяналтын явцыг тодотгох өндөр ач холбогдолтой болсон байна.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Үтрээгээр умайг бүхэлд нь тайрч авах” мэс заслыг нэвтрүүлэн одоогоор 4 эмэгтэйд уг хагалгааг хүндрэлгүй амжилттай хийсэн байна. Мөн түүнчилэн чөмөгт ясны хугарлыг битүү аргаар түгжээт хадаасаар хадаж, бэхлэх мэс заслыг анх удаа орон нутагт 8 хүнд амжилттай хийсэн нь орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварын илэрхийлэл болж байна.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ходоодны нугалуур хэсгийн том хэмжээтэй шарх цоорсон байсныг ходоодны 3/2 хэсгийг тайрч нарийн гэдэстэй залгах мэс заслыг орон нутгийн нөхцөлд амжиллтай хийсэн байна.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2012 оноос эхлэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, дахин харвалтаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулах, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, зүрх судасны цочмог эмгэгээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах зорилт бүхий “Инфаркт, Инсульт”-ын багийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрсдийн хүч, бололцоонд тулгуурлан зохион байгуулж, ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил, шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг чадвараа дайчлан зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ