Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Эрүүл мэндийн байгууллагуудад 2000 оноос “Магадлан итгэмжлэл” олгож эхэлсэн төдийгүй   чанарын хөтөлбөр төлөвлөгөөтэй болж  чанарын удирдлагын эхлэл тавигдсан. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бүх  шатлалын эмнэлгүүд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Гэвч эрүүл мэндийн салбарын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын алба болон багийн ахлагч, гишүүд, чанарын менежер, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын чиглэлээр чадавхижуулах шаардлага байсаар байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн байгууллагуудад чанарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, зөвлөн туслах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл хангуулах чиглэлээр сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ-ны мэргэжилтэн Я. Амаржаргал,  ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа,  МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажимдаа нар оролцлоо.

Сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага, асуудлын дүн шинжилгээний арга хэрэгслүүдийг хэрхэн практикт ашиглах ур чадварыг эзэмшүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн алдаа, эрсдлийн удирдлага, эрсдлийг тодорхойлох, үнэлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах талаар мэдлэг олголоо. Нийслэлийн харьяа ӨЭМТ-ийн удирдлага болон чанар хариуцсан мэргэжилтэн нийт 134 хүн сургалтад хамрагдлаа.

Лекц, бүлгийн ажил, харилцан ярилцах, дадлага ажил , туршлагаа хуваалцах зэрэг хосолсон аргазүйгээр явагдсан сургалт Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулахыг олж харах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн алдаа, эрсдлийг тодорхойлох, үнэлэх мэдлэг ур чадварыг сайжруулах үр дүнтэй болсоны дээр эрэлт хэрэгцээ ихтэй байсан хэмээн  сургалтад оролцогчид дүгнэлээ.