Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 231

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
1.1. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр)-ийн тогтоолоор байгуулагдсан Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”, Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийг “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар төв эмнэлэг”, Нялхсын клиникийн сувиллыг “Хүүхдийн төв сувилал” гэж;
1.2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2005 оны З дугаар сарын 9-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор байгуулагдсан Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”, “Геронтологийн төв байгуулах тухай” Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор байгуулагдсан Геронтологийн төвийг “Геронтологийн үндэсний төв” гэж.
2. “Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл”-ийн 20 дахь заалтад “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн” гэснийг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” гэж өөрчилсүгэй.
3. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагын нэрийг Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн үүнтэй холбогдон гарах зардлыг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд                                                              С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд                                                                            Н.ХҮРЭЛБААТАР