Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эмийн бүртгэлийг цахимжуулж эхэллээ.

Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.

Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд шинэчлэн сайжруулах ажил нь 2015 оноос үе шаттайгаар хийгдсэн. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Мөн эм, эмийн түүхий эдийн экспорт, импортын лиценз хүсэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болж байна. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээллийг авах боломжтой юм.