Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Нээлттэй өдөр

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн

Нээлттэй өдөр

 

ЭМХТ  “Оновчтой бодлого-Тогтвортой хөгжил” хэмээх алсын хараанд нэгдэн,  эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход судалгаа, нотолгоонд тулгуурласан статистик мэдээллийг бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхийг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтыг хийх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд оролцон, байгууллагынхаа тасралтгүй хөгжлийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон  ажиллаж байна. 

ЭМ-ийн сайдын санаачилсан “Шилэн мэдээлэл” төслийн хүрээнд Эмчлэх эрхийн лицензийн шалгалт авах үйл явцыг  шилэн болгож байгаа бөгөөд шалгалт өгч байгаа явцыг иргэд шалгалтын өрөөний гадна байрлуулсан дэлгэцээр шууд хянах төдийгүй тус төвийн вэб хуудсаар дамжуулан хаанаас ч хянах боломжтой болж байгаа юм.

Өнөөгийн байдлаар тус төв нь  гадаадын  өндөр хөгжилтэй  орнуудад салбарын  хүний  нөөцийг чадавхижуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр  мэргэжил  дээшлүүлэх, орчин  үеийн  дэвшилтэт  технологи, тоног төхөөрөмж  дээр ажиллаж сургах,  туршлага судлах чиглэлээр  төвийн болон  эрүүл мэндийн байгууллагуудын боловсон  хүчний  мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд  анхааран ажиллаж байна. Үүнд:

  • БНСУ-ын  Вон Гванг их сургуулийн эмнэлэг
  • БНСУ-ын Самсунг Эрүүл мэндийн төв
  • БНСУ-ын  Рафаэл Интернейшнл клиник ТББ
  • ОХУ-ын  Эрхүүгийн  Анагаах ухааны их сургууль
  • Герман улсын Берлин хотын “Fluke biomedical” компанийн салбар “Kalibrieservice Worniak“ хэмжил зүйн лаборатори
  • БНХАУ-ын  Иргэний нисэхийн төв эмнэлэг
  • БНЭУ-ын Макс эрүүл мэндийн групп
  • Япон улсын Нагояа Анагаах ухааны их сургууль
  • Америкийн мэс засалчдын коллеж
  • ДЭМБ, АХБ, ЖАЙКА, КОЙКА, НҮБ-ын ХАС,ХС
  • Францын Пьер ба Мари Кюригийн их сургууль
  • ОХУ-ын Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төв
  • ·         БНСУ-ын Чөлла Пүг Дү аймгийн Нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн газар 
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол эмнэлгийн хороо зэрэг байгууллагуудтай  харилцан

ойлголцлын  санамж бичиг болон хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

Гадаад сургалтаар Монгол улсад оношилж эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын агуулга, хөтөлбөр нь эмчилгээний шинэ технологийг эзэмшүүлэхэд чиглэгдэж, эрүүл мэндийн ажилтанг өндөр хөгжилтэй оронд мэргэшүүлэх сургалтад хамруулах 2016 он хүртэлх тэргүүлэх чиглэлийн дагуу сонгон шалгаруулж 21 хоногоос 3 сарын хугацаатай сургах арга хэмжээг зохион байгуулж байна.