Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ II ЭЭЛЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор “Анхан шатны эмнэлгүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах” сэдэвт сургалт 2016 оны 08 дугаар сарын 20, 21 болон 2016 оны 08 дугаар сарын 27, 28-ны  өдрүүдэд  зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 142 өрхийн эмнэлгээс их эмч 1, сувилагч 1, нийт 284 мэргэжилтнийг хамруулахаар төлөвлөснөөс 2016 оны 8 сарын 20-21-ний өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баязүрх, Багануур дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв,  2016 оны 8 сарын 27-28-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 258 эмч, сувилагч нар оролцлоо.

Энэхүү сургалтыг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, гэмтлийн үеийн суурь тусламж, могой, шавьжинд хатгуулах, наранд цохиулах үеийн яаралтай тусламж болон түлэгдэл, угаарын хийн хордлогын үеийн тусламж, бусад орчны нөлөөт эмгэгийн үеийн яаралтай тусламж, яаралтай тусламжийг багаар үзүүлэх зэрэг сэдвүүдээр лекц, дадлага хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтанд оролцсон эмч, сувилагчдаас амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн сургалтын өмнөх болон дараахь сорил авч сургалтын үр дүнг үнэлсэн байна. 

Цаашид анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг сайжруулах тасралтгүй сургалтуудыг төлөвлөгөөтэй, үе шаттай явуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа болно.