Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ 7 ХОНОГ

Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр

 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хоололтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна.

Эхийн сүүгээр хоололтыг дэмжих энэхү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрхи өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. 

  • Хөхний сүү хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шинэгэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулашгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш  6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр  уушигны хатгалгаагаар өвчлөх  эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
    • Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Оюун ухааны хөгжил нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.
    • Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор  жил тутам 20,000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.  
    • Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал: 2016 онд гарсан улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн  сүүгээр дагнан хоолоогүй хүүхдүүд байсан.  6 сар хүртэлх сартай хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.   Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хоололт буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа зэргээс шалтгаалж байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай  асуудалд биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг нахаарч хамтран ажиллах шаардлагатай юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

 

“Эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд:

1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5%-тай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

 

2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг. 

 

4-р зорилт нь боловсролд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

 

5-р зорилт нь жендерийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол чухал асуудлуудтай салшгүй холбоотой.

 

12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдиийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүү орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм. 

 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалав.