Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.
“Эрүүл мэндийн салбарт тавтай морил” хөдөлмөрийн яармаг амжилттай зохион байгуулагдлаа.

ЭМХТ-ийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба  “Хөдөлмөрийн яармаг 2018” үйл ажиллагааны хүрээнд  “Эрүүл мэндийн салбарт тавтай морил” сэдэвт монголын шинэ залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих гуравдугаар уулзалтыг “Эрүүл мэнд хөгжил шинэчлэл холбоо” ТББ-тай хамтран төрийн ордны их танхимд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 2018 онд анагаах ухааны чиглэлээр их дээд сургууль төгсөж байгаа оюутан залуусын төлөөллөөс гадна төгсөөд удаагүй ажил идэвхитэй хайж байгаа нийт 700 орчим эмнэлгийн мэргэжилтэн залуус оролцож хэрэгцээт мэдээллээ авлаа.  Мөн уг арга хэмжээнд өөрсөдийн үйл ажиллагагаа, сул ажлын байртай холбоотой мэдээллээ сурталчилж 50 орчим төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцлоо.

ЭМХТ-ийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Б.Амарсайхан нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн ба мөн нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Хавдар судлалтын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн зэрэг албаны бусад хүмүүс оролцсон.

Арга хэмжээний үеэр шинэ залуу эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сонирхолтой лекц, илтгэлүүд тавигдлаа.

-       Ж.Чинбүрэн /Хавдар судлалтын үндэсний төвийн ерөнхий захирал, францын мэс заслын академийн хүндэт гишүүн, АУ-ны доктор профессор/ илтгэлийн сэдэв: “Өчигдөрийн үл чадах зүйл маргаашийн.., ”

-       Г.Ундармаа /Ю филм нэгдлийн үүсгэн байгуулагч продюсер, жүжигчин/ илтгэлийн сэдэв: “Хамтдаа шийдье иргэн бүрийн эрүүл мэнд”

-       Э.Ганбат /Хүний их эмч, хуульч өмгөөлөгч /илтгэлийн сэдэв: “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн зөрчил”

-       Р.Жаргалмаа /НҮБ-ын болон ОУ-ын байгууллагуудад ЭМ-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн, гадаад зөвлөх, төслийн менежер /илтгэлийн сэдэв: “Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд НҮБ-ын болон ОУ-ын байгууллагад ажиллах боломж

-       Т.Адъяатөмөр /Эрүүл мэнд хөгжил шинэчлэл холбоо ТББ-ын тэргүүн/ илтгэлийн сэдэв: Монголын эрүүл мэндийн салбар ба интерпнер сэтгэлгээ.

ЭМХТ нь уг арга хэмжээнд 2018 төгсөлттэй холбоотой мэдээлэл, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, шалгалтанд бэлдэх ном гарын авлага танилцуулах, үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтууд, багц цаг бүрдүүлэлт зэрэг сэдвээр мэдээлэл өгч ажиллаа.

Үйл ажиллагааны төгсгөлд уулзалтанд оролцогсод илтгэгч нараас сонирхсон асуултаа асууж, санал солилцлоо.