Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

 Эрүүл мэндийн сайдын 2016 оны “Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” тушаалаар Үндсэн мэргэшлийн сургалтын чиглэлд “Ерөнхий мэргэшил судлал”  чиглэлийг шинээр зохион байгуулахаар баталж, 2017-2018 оны хичээлийн жилд уг сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багтай хамтран “Ерөнхий мэргэшил судлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 01 сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн, эмнэлзүйн чадамжид суурилсан байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх юм.

Сургалтад Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг зохион байгуулах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн сургагч багш, эмч нар, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 19 байгууллагын сургалтын албаны ажилтнууд  нийт 50 хүн оролцож байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багийн урилгаар ирсэн тухайн чиглэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн Японы 4 судлаач багш сургалтыг удирдан явуулж байгаа юм.

Сургалтын үр дүнд дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байна.