Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг нэгтгэн гаргалаа.

Эрүүл мэндийн үндэсний тооцооны  2003-2014 оны үр дүнг нэгтгэн гаргалаа.

 Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт   Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр боллоо.

Энэхүү тайлангаар 2003-2014 оны буюу нийт 12 жилийн Монгол Улсын эрүүл мэндийн зардлын тооцооллын ерөнхий үр дүнг толилуулж байна.

Тайлан нь

  1. эрүүл мэндийн зардлын ерөнхий үзүүлэлт
  2. эрүүл мэндийн зардал: санхүүжилтийн эх үүсвэрээр,
  3. эрүүл мэндийн зардал: эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр,
  4. эрүүл мэндийн зардал: эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар,
  5. эрүүл мэндийн зардал: газарзүйн байршлаар,
  6. эрүүл мэндийн зардлын олон улсын харьцуулалт гэсэн 6 бүлэгтэй ба  хэмжээс хоорондын хамаарлыг харуулсан Эрүүл мэндийн зардлын суурь мэдээлэл бий болж байна.

 Энэхүү тооцооллоор Эрүүл мэндийн салбарын зардлыг олон улсад харьцуулах, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын үзүүлэлтүүдийг хэмжих, хянах, бодлого шийдвэр гаргахад ашиглах боломжтой болсон.

 Уулзалтад ЭМХТ-ийн  Ерөнхий захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын зөвлөх Фе Вида Н.Ди-Лиачо нар оролцлоо. Уулзалтаар Эрүүл мэндийн үндэсний тооцоо номыг танилцууллаа.

 

Монгол улсын эрүүл мэндийн зардал 2014 онд 943.8 тэрбум төгрөг байгаа ба ДНБ-ний 4.2%-г эзэлж байна.

Нэг хүнд ногдох зардал 2014 оны байдлаар 318.5 мянган төгрөг буюу 173.9 ам.доллар байна.

Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд улсын санхүүжилтийн эх үүсвэр давамгайлж байгаа боловч нийт санхүүжилтэд эзлэх хувь нь буурч, харин хувийн санхүүжилтийн хувь өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн нийт санхүүжилтэд улсын санхүүжилтийн эзлэх хувь 2003 онд 67.1% байсан бол  2014 онд 61.5%, хувийн санхүүжилт 2003 онд 23.3% байсан бол 2014 онд 35.4% байна.

Эрүүл мэндийн зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр авч үзвэл эмчлэн анагаах тусламж, үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 63.6%-ийг эзэлж байсан бол 2014 онд 60.1%-г эзэлж байна.

Эрүүл мэндийн зардлыг тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрлөөр авч үзвэл, хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн зардал хамгийн өндөр хувийг эзэлж байгаа хэдий ч эрүүл мэндийн зардалд эзлэх хувь нь буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2003 онд эрүүл мэндийн зардлын 58.9%, 2014 онд 49.7%-ийг эзэлж байна.

Эрүүл мэндийн зардлыг газарзүйн байршлаар авч үзвэл, Улаанбаатар хотын зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 37.8%, 2014 онд 47.5%-ийг эзэлж байгаа ба 2014 оны байдлаар нэг хүнд ногдох зардал 327.7 мянган төгрөг байна.