Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 54 387 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4655 төрөлтөөр буюу 7.9 хувиар буурсан байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 54 740 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4580 хүүхдээр буюу 7.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 28 339 буюу 51.8 хувь нь хүү, 26 401 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 30.4-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 767 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 296 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 936 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 361 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.8-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 11 731 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 561 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7106 тохиолдол буюу 60.6 хувь нь эрэгтэй, 4625 буюу 39.4 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 33 825 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 110.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 774 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.

Монгол улсын засгийн газраас батлагдсан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын”  хэрэгжилтийг хангах, мөн ЭМЯ-наас 2017 оныг  НЭМ-ийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн НЭМ талаарх үзэл баримтлал, ойлголтыг нэгдмэл болгох, НЭМ-ийн тусламж үйлчилгээг хүргэх арга замыг боловсронгуй болгох, тусламжийн хэрэгцээг судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх  ажлууд үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд ЭМХТ-ийн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу  2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байран дахь тасралтгүй сургалтын нилээд хэсэг нь хүн амын дундах НЭМ-ийн тулгамдсан асуудалтай уялдан нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, ажлын байрны сургалт явуулах, сургагч багш бэлтгэхэд чиглэгдэж байна.

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”  сургагч багш бэлтгэх сургалт  2 дахь удаагаа 9 сарын 28-30-нд ЭМХТ дээр зохион байгуулагдаж байна.

Уг  сургалтад Улаанбаатар хотоос 60, хөдөө орон нутгаас 40 эмч мэргэжилтнүүд хамрагдаж НЭМ-ийн тусламж үйлчилгээний талаарх Монгол улсад баримтлаж буй бодлого, эрхзүйн орчны талаар мэдээлэл авах, НЭМ-ийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тандах судлах арга замд суралцах, хэрэгцээнд тулгуурласан НЭМ-ийн тусламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх арга барилтай болох, сургалт сурталчилгаа, судалгааг төлөвлөх, зохион байгуулах чадвар эзэмших зэрэг зүйлд суралцах юм.

Мөн манай улсад НЭМ-ийн тулгамдсан ямар асуудал байгаа талаар хэлэлцэж, нотолгоонд суурилсан үнэлгээ гарган нэгдсэн ойлголттой болох юм.

Сургалтын ЭМХТ, АШУҮИС, НЭМГ хамтран зохион байгуулж байна.